Tuesday, August 25, 2009

Дугуйн аялал














Сүүлийн үед би гэдэг хүн дугуйн аялалд бага багаар бэлдэх болсон доо. Ямар ч байсан долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр ойр зуурхан явах болсон.














Tuesday, May 5, 2009

Таван хуруу багийн аялалын явцад учирч байсан зарим нэгэн адал явдал,сонирхолтой үйл явдлуудаас.


Хэдийгээр манай аялал жил ч хүрэхгүй ахархан богино хугацаанд болж өнгөрсөн ч гэсэн сонин содон үйл явдал бишгүй дээ л тохиолдож байлаа.
Оросын хил дөнгөж даваад хээр хоноглосон юм. Майханд анх хонож байгааг хэлэх үү, маш их салхи шуургатай хүйтэн байсныг хэлэх үү тун зутруухан шөнийг өнгөрөөв. Маргааш нь Галуут нуур хэмээх жижигхэн хотод хоноглох болов. Тэр үед зочид буудалын үнэ нь маш хямдхан санагдаж байсан тул буудалд тухаллаа. Усанд орж тун аятайхан гэгч амарцгаав. Гэтэл шөнө дунд – Хулгайч, хулгайч гэх хүний хашгирах чимээнээр бүгд давхийтэл сэрцгээдэг юм байна. Тэгээд хам хум хувцасласан болоод гүйхээрээ гадагш харайлган гарцгаав. Учир нь, манай аялал Москва ортол нэг суудлын тэрэг дагуулж гарсан юм. Манай багийг олон байгууллага ивээн тэтгэж ихэвчлэн бараа бүтээгдэхүүнээ өгч, ядарсан үедээ зарж үрж мөнгөтэй болоорой гэж байсан нь яах аргагүй нэг машин пиг дүүргэх ачаа болчихсон юм. Тэгээд нэг ГАЗ – 24 гэх орос машин дагуулж, ачаа бараагаа ачаад аяндаа гарсан байлаа. Тэр машиныг Жамбал ах барьж явдаг байлаа. Бид нарыг дугуйгаар хол замд их ядрах тул сайн амарч байх хэрэгтэй гээд Жамбал ах маань машин тэрэг, ачаа бараагаа харж машиндаа хононо. Тэр шөнө мөн л машиндаа хонож байтал нь хутга барьсан хоёр хулгайч ачааных нь татлагыг тасдаад хэд хэдэн боодолтой бараанаас нь аваад зугатаасан юм байна л даа. Мань хүн араас нь хөөх хэцүү, хамаг юм нь зуун задгайраад, дээр нь хутга харуулж сүрдүүлсэн шийдсэн дээрэмчдээс болгоомжлох зэрэгцээд хий дэмий л чадлаараа хашгираад машинаа тойроод харайлгаж байсан юм байж. Нэгэнт арилаад өгсөн тэднийг харанхуй шөнө хаанаас олох билээ гэсэн юм хэлэлцээд байж байтал нэгэн жирэмсэн залуухан орос бүсгүй замаар алхалж байтал Жамбал ах: - Наад хүүхнээ барь хамсаатан нь байж магадгүй, орой тэр хоёртой уулзаж байсан хүүхэн мөн байна гэдэг юм байна. Тэгээд тэр хүүхнийг бариад, цагдаа дуудлаа. Цагдаа ирээд нөгөө хүүхнийг хараад шууд л Жамалын авгай байна. Гэрт чинь очино гээд аваад явлаа. Тэгээд гэрт нь очвол Жамал манай нэг шуудайтай Чингэс хивсийг хажуудаа тавьчихсан унтаж байдаг байгаа. Тэгээд л хамт явсан нөхрийг хэлүүлж бусад эд зүйлийг олж өгч билээ. Түүнээс хойш томхон хотод бараг хоноглохгүй, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийхийг илүүд сонгох болж билээ.

Биднийг Москва ортол дагаж явах машин дээрээ спонсор байгууллагуудынхаа нэр, логог байрлуулж чимэглэж байх үе.


Орос орноор хөндлөн явж байх үед маш олон гацаа тосгоныхон анх удаагаа монгол хүмүүстэй уулзаж байна гэдэг байлаа. Манай хоёр орон ахан дүүгийн барилдлагаатай гэх атлаа Оросын уудам нутагт монголчууд тэр бүр хөл тавьдаггүй юм билээ. Галт тэргээр, ганган онгоцоор л манайхан шуугуулаад байдаг болохоос бид нар шиг газраар ган дөрөө жийсэн нь байдаггүй болохоор тэр биз. Сибирийн зарим тосгонд буудал гэх дүнзэн байшин хааяа байх. Үнэ тариф нь аль социализмийнхаараа. Инээд хүрээд л явчихна шүү дээ. Тийм жижиг, гацаа тосгонд бол айх ширвээдэх юм огт байхгүй, хүмүүс нь амар амгалан тун сайхан шүү.



Германд хөдөөгийн зам дээр цуваанд ороод явж байлаа. Тэгтэл Жагаа зогсож түр амрах болдог юм. Жагаа хамгийн түрүүнд голдуу явдаг байсан юм л даа. Тэгээд зогсож байтал нь араас нь нилээн зайтай явж байсан Дээгий уралдаж яваа юм шиг тонгойгоод л учиргүй хурдтай жийж гарснаа тэр чигээрээ давхиж очоод нөгөө Жагааг шууд л мөргөөд онхолдоод өгдөг байгаа. Жагаа болохоор арай ч ирээд мөргөчихгүй байх гээд хараад л байсан юм байна. Тэгээд замаа харж явсангүй гээд Жагаа уурлах, замаас гарахгүй яагаад зогссон юм гээд Дээгий уурлах болж бид гурав аль алиныг нь аргадаж байж нэг юм эв зүйдээ орж байлаа.



Францын нэг жижигхэн тосгонд Ёндон ах, Дээгий бид гурав бас л хоорондоо жаахан зайтай явж байгаад тосгоноос гараад бие биенээ хүлээх хэрэг гарваа. Тэгсэн чинь Дээгий маань ирдэггүй. Нилээн хүлээлээ. Тэгээд бид хоёр буцлаа. Ердөө ганц зам тосгон дундуур гарч байсан болохоор төөрөөд, салаад явчих учиргүй юм л даа. Тэгсэн чинь харин мань хүн нэг жижиг тэрэгтэй хүнтэй хэл амаа ололцохгүй зангаа дохио болоод зогсож байх юм. Харсан чинь дугуй нь урд ацаараа тонгойгоод, урд дугуй нь майжийсан юм болчихсон байж байнаа. Яасан бэ гэсэн чинь Дээгийгийн өмнө нь явж байсан франц эр дүрмээ ягштал биелүүлдэг сурсан зангаараа ЗОГС гэсэн бичигтэй газар түр зогсож л дээ. Тэгсэн чинь манай хүн хурдаа хасаж чадалгүй араас нь очоод мөргөөд бүр машин дээгүүр нь даваад дугуйнаасаа суга үсрээд ойчсон юм гэнээ. Тэгээд нөгөө франц эрийг гэрэл дохиогүй газар гэнэт зогсож мөргүүлсэн буруутай гээд, нөгөөх нь би буруугүй энд ЗОГС гэсэн бичиг байна гээд маргаад байж байдаг байгаа. Тэр хүний машины ар талыг бас ч үгүй хонхойлгоод хаячихсан байж манай хүн дугуйгаа засуулах мөнгө авах гээд байсан юм байна л даа. Харин ч өөрөө мөнгө өгөх буруутай байж тэгэж болохгүй гэж арай хийж ятгаж байж салж билээ.



Францын нэг хотод шөнө орой орж очих үеэр Ганболд миний бие дугуйнаасаа суга үсэрсэн юм. Гэнэт дугуй маань зогтусаж яах ийхийн зуургүй дугуйнаасаа суга үсрээд ойччихлоо. Бүр гайхаад харсан чинь дугуй маань зогсоогоороо байж байх юм. Ёстой эвэртэй туулай харна гэдэг шиг юм болж, эзнээ бусгаад хаячихсан дугуйгаа очиж үзсэн чинь харин , харанхуйд сайн харагдахгүй байсан транвайн замын хажуугаар гүнзгий болчихсон байсан ховилд дугуй шааж ороод гацчихсан байж байдаг байгаа. Тохой, өвдөгөө шалбалснаа бодохлоор жаахан гомдолтой л байж билээ.



Голландад явж байхад Жагаа маань мөн л урд талд газрын зургаа хараад явж байснаа зам хоёр салсан чинь баруун гар тийш салсан замаар нь ороод явснаа гэнэт хажуу тийш дараад замын тэмдэгний хоёр шонгийн завсарт дугуй нь хавчуулагдаад өөрөө дугуйнаасаа суга үсрээд уруу газар руу өнхрөөд өглөө. Ард нь явж байсан бид нарын инээд хүрч байх гэж жигтэйхэн. Парик нь хажуу дээрээ гарчихсан мань хүн ч инээгээд л байх юм. Тэгсэн чинь мань хүн буруу замаар салснаа гэнэт ойлгоод хажуу тийшээгээ дарахдаа замын шонгийн голоор орчихсон юм байна л даа. Өгсүүр зам байсан тул хажуу тийшээгээ дарахад нь огцом уруудаж зогсоож амжаагүй юм байж.



Германы Берлин хотоос гарах гээд явж байлаа. Германд дугуйн зам, явган хүний зам хоёр нь нэг дор байх л даа. Голоор нь зураасаар тусгаарласан байдаг юм. Тэгсэн чинь миний урд хажуу замаар нэг бүдүүн авгай гартаа том тортой юм барьчихсан алхаж байснаа гэнэт хажуу тийш дугуйн зам руу хөндлөн алхаад ороод ирдэг юм байна. Би тормосоо атгаад нэмэргүй хий дэмий л хашгирах аядаад амаа ангалзуулан битүү дуу гаргаад араас нь орчихдог юм байна. Гэхдээ бараг л зогсох шахаж байсан болохоор аяархан гээч нь хоёр хөлнийх нь дундуур дугуй ороод мордуулаад зогсдог юм байна. Нөгөө герман авгай маш сандарч нүд нь бүлтийж, ам нь ангалзаад улмаар ичиж зовсон байдалтай надаас уучлал гуйгаад л байх юм. Би ч бас тэрнээс уучлал гуйгаад л. Бас хажуугаар нь инээд хүрээд ер болдоггүй. Яалт ч байхгүй инээлээ дээ, сүүлдээ нөгөө авгай ч гэсэн инээгээд л байж билээ.


Бельги улсын нутагт явж байлаа. Тэгсэн чинь нэг ахимаг насны авгай дугуйгаа жийхгүй мөртөө чардайтлаа жийгээд байгаа биднээс ч илүү хурдан давхиад байх юмаа. Бүр мэл гайхширч цэл хөхрөөд гүйцэж очицгоож дугуйг нь сонирхосон чинь батарейгаар явдаг дугуй байж билээ. Тэр үедээ шидтэй дугуй уначихсан юм шиг л алмайруулж байсансан. Харин одоо урд хөршид тийм дугуй хийгээд эхэлчихсэн байна.


Англи улсад анх хөл тавьчихаад буруу гарын дүрмэнд нь дасаж өгөхгүй баахан төвөгтэй байж билээ. Шөнө дөлөөр эрэг дээр хөл тавьсан тулдаа хөдөлгөөн сийрэг байдлыг ашиглаж шөнө газар сайн хорооё гэж шийдээд явцгааж байсан чинь бидэнтэйгээ таарсан нэг ганц бие дугуйтай аялагч зам нийлвээ. Шинэ Зеландийн иргэн гэнэ. Дэлхий тойрсон аялал хийж байгаа гэнэ. Гэрээсээ гараад 3 жил хагас болж байгаа юм байна. Аялал чинь хэзээ дуусах вэ гэсэн чинь бараг хорин жил болох байх гэнээ. Тэгээд биднийг бас дэлхий тойрч байгаа болон хамгийн богино хугацаанд тойрох зорилготой гэсэн чинь: - Яг тийм байхаа та нар дэндүү хурдан яваад, би их ядарч байна. Уучлаарай би ийм хурдан явж чадахгүй баяртай гээд зам дээр харанхуй шөнө ганцаараа торойтол хоцорч байж билээ. Хүн хүний сонирхолоо гэж.



Америкийн алслагдсан хөдөө нутагт янз бүрийн л адал явдал их тааралдана. Нэг удаа бид нэг жижигхэн тосгоноор дайрч өнгөрөхдөө шатахуун түгээх станцаас орос паялникандаа бензин авах юм болов. Паялникаа ганзгандаа хийгээд аччихна л даа. Тэгээд зөвхөн тагийг нь эрэгдэж аваад бензин шахуулчихдаг байлаа. Тэгсэн чинь нутгийн хүмүүст унадаг дугуйтай хэдэн хүн хүрч ирээд ганзагтай ачаа руугаа бензин шахуулах нь их сонин харагдсан юм байлгүй байшингийнхаа гаднаа нарлаж байсан арваад хүнээс хоёр нь хүрч ирээд та нарын дугуй бензин хэрэглэдэг юм уу гээд асуугаад байх юмаа. Тэгэхлээр нь жаахан цаашлуулмаар санагдаад тэгдэгээ бидний дугуй бензин хийдэг гэчихсэн чинь бүр их сонирхоод болдоггүй сүүлдээ тоглосон юм гэдгээ хэлж паялникаа гаргаж үзүүлсэн чинь орос паялникийг бас учиргүй сонирхоод, худалдчих гээд байж билээ. Дараа нь энэ тухай бодохоор их л инээдтэй санагддаг юм.



Мөн Америкт хөдөөгийн замд бид тав цуваанд ороод жийж өгч байлаа. Хөдөөгийн зам нь ерөнхийдөө нилээн нарийндуу байна л даа. Шугамдчихсан юм шиг шулуухан зам дээгүүр том том ачааны машинууд салхи татуулан их хурдланаа. Анх тэдний тэгэж хүчтэй салхи татуулан өнгөрдгийг мэддэггүй жийцгээж байсан чинь нэг их том трак / ачааны том тэргийг тэгэж нэрлэх/ араас давхиж ирсэн чинь бид хэд бараг бүгдээрээ тэнцвэр алдаж ойчицгоож билээ. Шалбарах нь шалбарч хирэндээ л хөөрхөн хохирол амсаж сургамж сайн авсан болохоор дараа дараагийн олон ийм тохиолдолд бушуухан зогсоод өнгөрөөдөг болчихож билээ. Гэвч хаширах бас болоогүй байсан юм байлгүй Өүлд Туссон орох гэж явж байх үед бас нэг том трак араас асар хурдтай ирж бидний зарим нь амжиж зогсож харин Лхагваа маань амжилгүй жийж байгаад салхинд нь цохиулж замын хажуу руу онхолдож дугуйны арам нь хугарч, мөр, тохойгоо нилээн их шалбалж билээ. Золоор нөгөөх жолооч энэ байдлыг овоо толиндоо харж, тэр дороо зогсоод эргэж бидэн дээр ирж туслалцаа үзүүлэх юм болов. Нэгэнт дугуйны арам нь тасарчихсан байсан болохоор тэр нөхөрийн машинд дайгдахаас аргагүй болж Туссон ортол 450 орчим км замыг ачааны тэргээр туулж байлаа. Энэ нь бидний бараг 4 хоног явах зам байсныг хэдхэн цагт туулсан явдал болж билээ.



Америкийн хөдөөгийн нэгэн жижигхэн гацаанд бид нар түр саатаж ганц нэг талх, хүнсний нөөцөө сэлбэх юм боловоо. Тэгсэн чинь тэр гацааны нэг мэдрэл муутай хүн хүрч ирээд Дээгийгийн дугуйнаас зуурчихаад ер тавьдаггүй. Аргадаж үзлээ. Тэгээд хажууханд хараад зогсоод байсан хэдэн хүн рүү гуйсан байдлаар хандсан чинь хоёр хүн ирлээ. Тэгсэн чинь өнөөх хоёр хүн бас л мэдрэл муутай хэцүүхэн хүмүүс байдаг байгаа. Бүр айх ч шиг гайхах ч шиг байдалд орцгоож яахаа мэдэхгүй байж байтал ашгүй нэг гайгүй эрүүл хүн ирж нөгөөдүүлийг нэг юм салгаж бид хэд замдаа гарч билээ. Эргээд бодоход тэр гацаа үндсэндээ хаягдаж орхигдсон, хүмүүс нь цус нь ойртож доройтсон юм шиг санагдаж байж билээ.



Өмнөд Солонгост дөнгөж хөл тавиад хоноглох газраа хайж яваад нэг аятайхан мод, бут болсон газар олоод майхнаа барьж, ачаа бараагаа буулгаад, ор дэрээ засаад тухлах гэж байтал гэнэтхэн чанга өндөр дуугаар захирсан өнгөтэй хашгирах харь хүний дуу чих дэлсдэг юм байна. Бүгд л айж ширвээдэн бие биенээ харснаа, майхнаасаа цуван гарцгаав. Тэгсэн чинь: - Ээ бурхан минь бөөн буу шийдэм болсон цэрэг бүччихсэн учир нь олдохгүй хэлээр зандарч байна. Өөрийн эрхгүй хоёр гараа өргөцгөөгөөд гэмгүй гэсэн санаагаа харуулсан чинь нөгөө цэргүүдийн дарга бололтой нэг нөхөр хүрч ирээд баахан л юм хэлээд байдаг. Тэгээд Жагаа маань , -Англиар ярьдаг уу гэсэн чинь харин овоо тийм гэж байдаг байгаа. Овоо санаа амсхийж учир явдлыг асуусан чинь бид нар цэргийн хориотой бүсэд майхнаа барьж тухлаад байсан юм байнаа. Нэгэнт учирыг олсон болохоор бушуухан нүүх юм болсон чинь нөгөөх цэргийн дарга биднийг дэлхий тойрч байгааг ойлгож хүндэлсэн үү яасан биднийг санаа зоволгүй эндээ хоногло гэж, бид ч ёстой нэг санаа зоволтгүй цэргүүдээр хамгаалуулсан шигээ амар тайван амарцгааж билээ. Уг нь замд тааралдсан нэг жижигхэн самбар дээр Солонгос хэлээрээ орж болохгүйг анхааруулж бичсэн л байсан юм билээ. Даанч тэр бичиг, хэл яриаг нь мэдэхгүй юм болохоор зөрчил гаргаж орхисон байж билээ.



Маргааш өглөө нь хамгаалуулж хоносон цэрэг, дарга нартайгаа хамт.



Маргааш нь замд гараад хэсэг явж байгаад нэг жижигхэн хоолны газар орж үхрийн мах шарж идэх хорхой хүрцгээвээ. Ер нь аялалын явцад шинэ мах тэр бүр иддэггүй, ихэвчлэн борцоор хоол хийдэг байсан болохоор нутаг ойртож байгааг ч хэлэх үү нэг сайхан шинэ мах идмээр хэн хүнгүй л хүсэж байсных бүгд л санал нэг байнаа. Тэгээд хоолны газрын хүнтэй үхрийн мах идэх хүсэлтэй байгаагаа хэлж ойлгуулах гэж бөөн асуудал болдог юм байна. Толгой дээрээ хуруугаа гозойлгон эвэр дүрслээд, үмбүү гэж дуугаран, гуя руугаа зааж алгадан, амаараа намь намь гэж дуугарч мах идэж байгаа дүр харуулж байж нэг юм ойлгуулваа. Эзэн нь мотоциклоо унан хаа нэгтээгээс мах авчирхаар явж одов. Тэр хооронд бид хэд угаалга цэвэрлэгээ хийсэн шиг цаг нөгцөөв. Мах ч ирлээ. Тун бага мах байлаа. Шараад идэцгээсэн чинь ойр мөд цадах шинж алгаа. Дахиад мах хэрэгтэй гэсэн санаагаа ойлгуулсан чинь гайхсан нүдээр дүрлийж байснаа дахиад л явав. Энэ удаад арай их мах авчирлаа. Шараад идсэн чинь бас л цадах шинжгүй. Дахиад л мах авчирахыг хүслээ. Нөгөө нөхөр жаахан ундууцах маягтай царай гаргасан болов ч дахиад л явлаа. Тэгсэн чинь овоо их мах авчирдаг юм байна. Өмнө нь гайгүй идчихсэн байсан болохоор энэ удаад авчирсан махных нь талыг шарж идэв. Тэгээд тооцоо хийх юм болов. Бид бодохдоо Солонгост юмны үнэ тун гайгүй хямдхан байх гэж бодож байлаа. Тэгэж ч сонссон байсан юм. Тэгээд л мах дураараа идэх гээд байсан хэрэг. Тэгсэн чинь тооцоо хийхнээ баахан олон оронтой тоо бичээд үзүүлж байна. Наадах чинь ам. доллараар хэд вэ гэж нэг юм ойлгуулсан чинь 230 доллар болж байдаг байгаа. Уг нь бид хэд 100-гаад доллар л болох байх гэж барагцаалж байсан тул хагас цус харвачих шахаж, нэгэнт идчихсэн тул арга байхгүй төлж байж билээ.


Гурав хоногийн дараа нэг жижигхэн мухлагнаас би нэг кока кола ундаа аваад 5 доллар өгсөн чинь эзэн нь баахан хөл хөөрцөг болоод л байснаа хариултанд нь баахан вон өгчихдөг юм байна. Би ямар ч байсан илүү мөнгө өгөөд байгааг нь мэдсэн болохоор өгсөн мөнгийг нь тоололгүй аваад халааслаж орхив. Тэгээд тэндээсээ холдсон хойноо яагаад илүү өгчихөв гэж бодоод мөнгөө тоолоод үзсэн чинь 50 доллар гэж бодоод хариулт өгчихсөн байж билээ. Нэгэнт сул орж ирсэн мөнгө юм болохоор нэг үдэш майхандаа нэг сайхан найрлаж билээ. Тэр үед Солонгост монголчууд одоогийнх шиг олноороо байхгүй байсан тул биднийг их л сонирхож харьцдаг байсансан.



Бельги улсад манай аялал мөнгө санхүүгийн асуудалд орж, түр саатах болсон юм. Тэгээд Жагаа, Дээгий хоёр маань нутаг буцаж мөнгө олох болж, Лхагваа, Ёндон ах бид гурав нэгэн бельги нөхөртэй танилцаж хашаанд нь чингэлэг тэргэнд байрлаж хүлээх болов. Тэр үед би зураг зурж хоолныхоо мөнгийг олж, Ёндон ах маань хар бор ажил хийж хувь нэмрээ оруулж, Лхагваа маань хэл усаа ашиглан холбоо хэлхээгээ сайжруулж бид гурав амь зангидаж байлаа. Тэгсэн чинь нэг орой тамхи дуусаж Лхагваа бид хоёр тамхи олж ирэхээр гадагш гарав. Тэгээд нэг жижигхэн ресторанд орж тамхиа аваад гараад ирсэн чинь бид хоёрын дугуйг хоёр хар нөхөр аваад яг хөдлөх гэж байдаг юм байна. Санд мэнд дугуйнаасаа шүүрч авцгааж тэднийг нэгэн зэрэг түлхэж унагаадхав. Тэгсэн чинь босож ирээд учиргүй зодолддог юм байна. Нэг хэсэг л зодолдоод авдаг байгаа.


Лхагваагийн маань өрөөсөн нүд таглагдаж, миний бугуй цагныхаа оосронд зулгараад, хацар бага зэрэг хавдаад өнгөрч билээ. Хүний дугуйг хулгайлах мөртөө бас түлхэж унагалаа гэж уурлан зодолдоод байдаг хүнд гарууд бас байх л юм билээ. Бид хоёрыг дугуйны эзэд гэж бодоогүй юм шиг байгаан. Өөрсдийнхөө өрөөсөн дугуйнууд гэж бодсон юм шиг билээ. Дараа нь дуулахнээ Алжирын цагаач иргэд гэж хүнд гарууд их байдаг юм билээ.


Германд замаас зайдуу нэгэн ойд майхнаа барьж нэн таатай , тухтай нь гэгч тайван унтацгааваа. Өглөө аажуухан уван цуван босоцгоож түрүүчээсээ горхи руу очиж нүүрээ угаалаа. Тэгтэл энд тэндгүй автомат буун дуу тачигнаад, хүмүүсийн чанга чанга хашгирах дуу гараад эхэлдэг юм байна. Юу юугүй дайн болж байгаа юм шигл сэтгэгдэл төрөөд дотор арзгас хийгээд явчихдаг юм байна. Сандран майхан саваа хурааж байтал юу юугүй модон дундуур цэргүүд гүйлдээд буун дуу ч бүр хажууд тас буугаад зүрх савлуулж, дотор бачимдуулаад бүгд л хаашаа харайлгахаа мэдэхгүй мэгдэж байтал нэг өндөр хар арьст цэрэг хүрч ирээд биднийг айх хэрэггүй, энд цэргийн сургууль явагдаж байна гэдэг юм байна. Тэгэхлээр нь нэг юм тайвширч сүүлдээ бүр даварч буу зэвсгийг нь барьж үзэж, хамт зургаа даруулж байж билээ.


НАТО-гийн цэргийн хээрийн сургууль болж байгаа үеэр.

"ТАВАН ХУРУУ" баг

Аялалын зам маршрутаа хийж байгаа нь. Манай 30 гаруй спонсор байгууллагуудын нэг болох "Тахь Ко" компанийнхан бидний бүх хувцасыг хийж, хүлээлгэн өгч байгаа нь.
1992 оны 4 сарын 12-ны өдөр.

Сүхбаатарын талбайгаа нар зөв гурав тойроод аян замдаа гарч байгаа нь.

Алс холын аянд мордож байгаа тул Гандан хийдээрээ орж мөргөл үйлдэцгээв.

Гандангийн замд.

Гандангаас гараад. Алтанбулагийн хилийн боомт дээр үдэн гаргагчидтай. Монгол улсынхаа хилийг давах мөч.

Уралын нуруунд.
Москва орох замд Монгол ахан дүүс тосож авсан нь. Оросын алдартай аялагч Гончаров гуайтай хамт. Оросын алдарт туйлын явган аялагч Чуковтай хамт Москвагийн ойролцоо хээр хоносон нь.

Чуков биднийг Брест ортол 1000 км зам тосож байгааг илтгэх шонгийн дэргэд салах ёс хийж үдэн гаргав. Польшийн ЭСЯ-ныхан биднийг үдэн гаргаж байгаа нь.Польш Германийн хил дээр.
Герман улсад. Герман. Хээрийн замд. Баруун Германийн Бонн хотод ЭСЯ-ны гаднаас хөдлөхийн өмнө. Атлантын далайн эрэг хүрээд байгаа нь. АНУ. Вашингтон. АНУ.Гранд канион буюу их хагаралын эрэг дээр. АНУ.Хээрийн замдАНУ. Санфранциско хот Япон.Япон улсад Солонгос улсад анх хөл тавиад байгаа нь. Тайвань улс. Мухар олгойн хагалгаа хийлгээд байгаа нь. БНХАУ. Цагаан хэрэм дээр. 1993 оны 1 сарын 31. Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж байгаа нь.

Дэлхийг дугуйгаар тойрсон “ТаванХуруу” баг нь анх 1991 оны намар 11 сард бүрэлдэж эхэлсэн юм. Энэ үед аялалыг анх санаачлагч багийн ахлагч Г.Жаргалсайхан, Г.Дэлгэрсайхан, Ш.Ёндондаш, А.Ганболд нарын дөрвөн гишүүд байсан. Улмаар Б.Лхагвасүрэн 1992 оны 1 сард багийн гишүүнээр нэмэгдэж орсон юм. Тэгснээр багийн гишүүдийн тоо гарын таван хуруу мэт тэгширч багтаа “Таван Хуруу” нэрийг санал нэгтэй баталж байлаа.
Багийн гишүүд тус бүртээ оногдсон үүрэг хариуцлагатай байлаа.
· Багийн ахлагч Жаргалсайхан гадаад харилцаа, дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллахын зэрэгцээ аялалын явцад телевизийн баримтат кино, гэрэл зургийн материал бүрдүүлж , Телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж ажилласан юм.
· Багийн гишүүн Г.Дэлгэрсайхан нь дугуйн спортын мастер төдийгүй техникийн инженер мэргэжилтэй хүн тул дугуйны эвдрэл гэмтлийг засварлах гол үүрэгтэйгээр оролцсон болно.
· Багийн гишүүн Ш.Ёндондаш нь дугуйн спортын олон улсын хэмжээний мастер ахмад туршлагатай хүний хувьд аялалын зам маршрутыг төлөвлөх, цаг уурын нөхцөлд зөв зохистой хувцаслах болон хоол хүнсний хэрэглээг зохицуулах зэрэг нарийн төвөгтэй асуудлуудыг хариуцан дугуйн аялалын өдөр тутмын нарийн ширийн зүйлийг хариуцан багтаа нөмөр нөөлөг нь болж оролцсон юм.
· Багийн гишүүн А.Ганболд нь зураач, сийлбэрч мэргэжилтэй хүн тул аян замын явцад зураасан болон таталбар зургийн материал цуглуулж гар зургийн үзэсгэлэн гаргах үүрэгтэй оролцсон болно.
· Б.Лхагвасүрэн эрдэм шинжилгээний ажилтан хүн байсан тул аян замын өдрийн тэмдэглэл хөтөлж, ном товхимол гаргах үүрэгтэй оролцсон болно.
“Таван Хуруу” баг нь ийнхүү багаа эмхлэн зохион байгуулж хүн бүр шамдан зүтгэсний хүчинд бага боловч мөнгөн хуримтлалтай болж улмаар хандивлагч 30 гаруй байгууллага чадлынхаа хирээр дэмжиж тусласны хүчинд 1992 оны 4 сарын 12-нд аялалынхаа гарааг эхэлж билээ. Гэвч энэ үед бидний төлөвлөж тооцоолж байсан нийт мөнгө хөрөнгөний дөнгөж 50% нь бүрэлдсэн байсан юм. Гэвч итгэл сэтгэлдээ хөтлөгдсөн гар нийлсэн таван залуучууд ирээдүйд учирч болох элдэв саад бэрхшээлийг үл хайхран аян замдаа гарсан юм.
Тэр үед Уулын баяжуулах Эрдэнэт концернийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсан бидэнд асар их итгэл хүлээлгэсний хүчинд эргэлзэх зүйл байхгүй болсон юм. Тэрээр: - Та нар ямар ч байсан Москва ортол явчих. Тэгсэн хойно чинь шаардлагатай хөрөнгө мөнгөөр туслах болно гэж билээ. Энэ амлалт бидэнд маш их урам зориг өгсөн юм. Тэгээд ч бид түүний хэлснийг давуулан биелүүлж бүр Бельги улсад мөнгө хүрэлцэхгүй болсны улмаас аялал маань түр зуур саатах болж аргагүйн эрхэнд түүнд хандаж, тэрээр амласнаа хэрэгжүүлж , бид ч аялалаа амжилттай сайн үргэлжлүүлсэн юм.
Энэ бол биднийг маш их хурцалж өгсөн сайхан хэрэг байлаа. Үнэндээ тэр үед улс орон маань нийгэм эдийн засгийн хувьд маш хүнд бэрх нийгмийн шилжилтийн үе байсан юм. Гэвч бидэнд чадна гэсэн сэтгэл байсан, чадах ёстой гэсэн захиас ч их байсан. Энэ үед монголчууд бид юун дэлхий тойрох нь битгий хэл баруун европоор ч бараг хөл тавиагүй шахам байсан цаг. Хүмүүс ихэвчлэн итгэж ядсан, алмайрч гайхширсан бас бахархаж дэмжсэн тийм л сайхан цаг байлаа.
Манай багийн гол зорилго тун тодорхой байсан юм. Энэ бол дэлхийг дугуйгаар тойрох. Тийм учраас бид хамгийн дөт, хамгийн бага зардал, хамгийн бага хугацааг эрхэм болгож байлаа.
Тэгээд ч зорьсон зорилгоо биелүүлж 294 хоногт дэлхийн 21 орны нутаг дээгүүр нийт 21900км замыг дугуйгаар туулж 1993 оны 1 сарын 31-нд аялалаа дуусгаж байлаа. Энэ бол үнэхээр хамгийн бага зардлаар тавын таван хүн хамгийн дөт замаар дугуйгаар дэлхийг тойрсон аялал гэж болно.
Манай аялал явагдсаны дараагаар манай оронд унадаг дугуй унах сонирхолтой хүмүүс эрс ихэссэн. Даан ч төр засгийн зүгээс нэг ч ажил хийгээгүй. Бид ирсэн дараагаа бүтэн хоёр жил дугуйн замтай болгож өгөхийг тухайн үеийн төрийн захиргааныханаас болон ЗЦГ-аас хүсэлт тавиад дэмжлэг аваагүй. Бүр арга ядахдаа явган хүний замыг таллан хувааж будгаар шугам татаж, замын хашлагыг налуулж өгөхийг ч хүсээд үр дүнд хүрээгүй. Манай аялал өндөрлөсөн 1993 оноос хойш бид дугуйн хэрэглээг өргөтгөхөд хувь нэмрээ оруулах үүднээс жил бүр “Таван Хуруу” багийн нэрэмжит дугуйн уралдаан тэмцээн зохиож, унадаг дугуй засварын газар ажиллуулж, дугуйн худалдаа арилжааг ч чадлынхаа хирээр хийж ирсэн билээ.
Манайхаас өөр дэлхийн бүх улс оронд унадаг дугуйн хэрэглээг маш их дэмждэг. Орчин нөхцлийг нь сайтар бүрдүүлж өгдөг. Тэгэхэд л аяндаа дугуйн хэрэглээ өргөжөөд явчихдаг учиртай юм.
Манай орны хувьд унадаг дугуйн хэрэглээг өргөтгөхөд нэн тэргүүнд зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, дугуйн зогсоол талбай зэргийг л төрийн зүгээс хийгээд өгчих хэрэгтэй байгаа юм. Тэгснээр маш олон нийгмийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтой. Шатахууны хэрэглээнд гадагшаа асар их хэмжээний мөнгө урсаж байгаа урсгалыг зохих хэмжээнд багасгана.
Ер нь дугуйн ач холбогдлыг тоочоод баршгүй билээ. Сүүлийн үед унадаг дугуйг батарейгаар явуулдаг болгосон орчин үеийн оновчтой шийдэл ахуй амьдралд нэвтрээд байхад манай орон ийм хэрэглээнээс хоцорсоор л байна. Дугуйн хэрэглээг зөвхөн хүүхэд залуус болон тамирчид л хэрэглэж байх ёстой мэт ойлгодог хоцрогдсон сэтгэлгээг халж бүх насны хүмүүс ахуй амьдралдаа өргөн хэрэглэх аваас нийгмийн маш олон асуудлыг хөнгөвчилөхөд унадаг дугуй онцгой үүрэг гүйцэтгэнэ. “Эрүүл монгол хүн” нэртэй сүржин уриа лоозон дэвшүүлж байхын оронд хүн бүр унадаг дугуй хэрэглэдэг болох юм бол эрүүл мэндийн асуудалд онцгой том дэвшил гарах болно гэж бодогддог. Бид аялалынхаа дараагаар өөрийн эх орондоо дугуйн хэрэглээг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзээд юуны түрүүнд дугуйн засварын газрыг нээж, ЗЦГ, хотын захиргааныхантай дугуйн замтай болгох асуудлыг дэвшүүлж ажиллаж байлаа. Тэр үед хөрөнгө мөнгөний бололцоо муу байсан боловч явган хүний замыг таллан хувааж шар зураас татаж, замын хашлагыг налуулснаар унадаг дугуйн хэрэглээг өргөжүүлж болно гэж үзэж байсан боловч энэ ажил төдийлөн сайн дэмжигдээгүй буюу хөрөнгө мөнгө нь шийдэгдэлгүй байсаар аяндаа мартагдан автомашины хэрэглээ асар хурдтай өсөн нэмэгдэж дугуйн хэрэглээ шахагдах болсон. Харамсалтай нь энэ ажлыг тэр үеийн эрх баригчид төдийлөн ойшоогоогүй юм.
Гэвч бид дугуйн тэмцээн уралдааныг дэмжих зорилгоор "Таван Хуруу" багийн нэрэмжит тэмцээнүүдийг 1993-2003 оныг хүртэл тасралтгүй 10 жил зохиож байлаа.
Хэдийгээр энэ тэмцээнүүд тамирчдыг дэмжихэд бага боловч хувь нэмрээ оруулна гэж үзэж байсан боловч бүх нийтийн дугуйн хэрэглээг өргөжүүлэхэд чиглэгдэж чадаагүй юм.
Харин сүүлийн үед нийслэлийн удирдлагууд хотдоо унадаг дугуйн замтай болох тухай гайгүй ярих болсон нь сайн хэрэг.